Өнөөгийн байдлаар манай улсын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь зөвхөн Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд төрөөс ямар нэгэн зохион байгуулалтыг хийдэггүй нь нэг талаас тээвэрчид, үйлчлүүлэгчдэд эрэлт хэрэгцээгээ чөлөөтэй хангах боломжийг олгож байгаа боловч, нөгөө талаас эдийн засгийн үр ашигтай, найдвартай, аюулгүй тээврийн үйлчилгээ орхигдож байна. Монгол Улсын Засгийн газраас Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлогыг баталсан боловч түүнийг хэрэгжүүлэх механизм тодорхой бус байна. Иймд эдийн засгийн үр ашигтай ачаа тээврийг хөгжүүлэх, тээвэрчид, үйлчлүүлэгчдийг хэрэгцээт мэдээллээр хангах бодит шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Энэ байдлыг харгалзан үзэж Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос өөрийн үйл ажиллагааны зорилт, гишүүд, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, түүнчлэн автотээврийн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү “Тээвэр зуучийн мэдээллийн удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлсэн болно.
СИСТЕМИЙН ЗОРИЛГО нь Монгол Улсын хэмжээнд үүсэж буй ачаа, түүний хадгалалт, тээвэрлэлтийн талаарх мэдээллийг цахимжуулан нэгтгэж, хэрэглэгчдийг нэгдсэн мэдээллээр хангах, хамтын ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, салбарын ачаа тээвэрлэлттэй холбоотой мэдээллийн санг бий болгох, аюулгүй ажиллагааг сайжруулах, үйлчилгээ эрхлэгчдийн чадавхыг сайжруулж өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгслийн сул явалтыг багасгаж тээвэрлэлтийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.
Энэхүү системийг манай улсын томоохон үйлдвэрлэгчид үр ашигтай ашигласнаар бүтээгдэхүүнээ тээвэрлэх өөрийн тээврийн хэрэгслийн авто аж ахуй, түүний үйл ажиллагааны болон санхүүгийн зардлыг хариуцах шаардлагагүй болж харин ч бүтээгдэхүүнээ хямд тээвэрлүүлэх боломжтой болох юм.
Мөн тээвэрлэгчид нь ачааг төрлөөр, хугацаагаар, очих, буцах чиглэл, түүний дагуух байршил гэх мэтээр өөрийн тээврийн хэрэгслийн хүчин чадалд нийцүүлэн мэдээллийг хялбараар нэг зэрэг хайж олох, тээврийн хэрэгслийнхээ ачих хэсгийн ашиглалтыг сайжруулах замаар тээврийн зардлыг бууруулах, ачаа илгээгч нартай гэрээ байгуулан тээх ачаагаа баталгаажуулж тээвэрлэлтээ урьдчилан төлөвлөх, найдвартай аюулгүй тээвэрлэгч болох боломжтой юм.
“Тээвэр зуучийн мэдээллийн удирдлагын нэгдсэн систем”-ийн хэрэглэгч Та бүхний харилцан үр ашигтай хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай.